Хотын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Categories НийгэмPosted on

2023-2024 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Г.Тулгабаатартай ярилцлаа.

-Орхон аймаг, Эрдэнэт хот өвөлдөө бэлэн үү,  өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?  

-2023-2024 онд дэд бүтцийн чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 49 арга хэмжээг төлөвлөн, бэлтгэлээ хангаж байна.  Гадаадын зээл тусламж, улс болон  орон нутийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх  15 нэр төрлийн ажилд 95 тэрбум төгрөгийг зарцуулж байна.  Тухайн байгууллага дотоод зохион байгуулалтаараа 20 ажлыг гүйцэтгэх бөгөөд үүнд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байсан  4 ажлын санхүүжилтыг баяр наадмын өмнө аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Нийт дүнгээрээ өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажилд инженерийн шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах  чиглэлээр хийж байгаа хэд хэдэн томоохон ажил бий. Ажил ямар шатандаа явж байна вэ?

Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд инженерийн шугам сүлжээтэй холбоотой багц найман ажлыг тусгасан. Тухайлбал, орон нутгийн төсвийн нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа хэд хэдэн ажил бий.   Уурхайчин багт Тамир зочид буудлын урд УДХТ байгуулах  ажил    35 хувьтай байгаа бол , Баянцагаан багт ДЦС-ын Цагаан байрны айл өрхүүдийн инженерийн шугам сүлжээг засварлах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Мөн ДГТ 3-2 дугаар  байрны сантехникийг шинэчлэх ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, Нарлаг Дэнжийн худгийг цэвэр усны шугаманд холбох 53 хувьтай  байна.

Улсын төсвийн  4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй Баянцагаан багийн  Дулааны ил  төв шугам сүлжээний өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Угсралт, торгоолтын ажил 2000 метр татагдсан, ус дулаан тусгаарлалт 1400 м хийгдсэн, дулаалгын материал 20 хувьтай татагдсан. Энэхүү ажлын үр дүнд Эрдэнэт хотыг найдвартай дулаанаар хангах,  цаашид хот өргөжин тэлэх  боломж нөхцөл бүрдэх юм.

Цагаанчулуут, Наран багт ус дулаан дамжуулах төв барих, төв дулаан, цэвэр усны шугам сүлжээний өргөтгөлийг хийж байна.  Өнөөдрийн байдлаар Ус дулаан, дамжуулах төвийн барилгын ажил дуусч тоноглолуудыг угсарсан. Хоолойн бэлдэц бэлтгэх ажлыг гүйцэтгэж байна.  

Дэлхийн банкны санхүүжилтээр гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах, айл өрхүүдийг цахилгааныг хоёр тарифт тоолуурт шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэл 88,3 хувьтай, хуучин орон сууцны цахилгааны хангамжыг сайжруулах ажил 88, гэр хорооллын тоолууржуулалт 52 хувь, орон сууцны тоолууржуулалт 87,3, 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Энэ мэтчилэн улс болон орон нутаг, гадаадын зээл тусламжаар хийж буй хэд хэдэн томоохон ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

-Баяр наадмын өмнө  аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үед хөрөнгийн эх үүсвэр  шаардлагатай дөрвөн ажлын санхүүжилтыг шийдвэрлэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шанд багийн 17 дугаар  сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх,  20 дугаар  сургуулийн гадна суурьлуулсан узельд барилга барих,  Кувейтын гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил,  Эко хорооллын дулаан хангамжийн шугам сүлжээг  хэсэгчлэх солих гэсэн дөрвөн ажлын санхүүжилтыг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн.

Өнгөрсөн гуравдугаар сард Шанд багийн 17 дугаар сургуулийн уурын зууханд гэмтэл гарсны дагуу “ЭДЦС“ ТӨХК-ийн инженер, эрчим хүчний улсын байцаагчийн хамтаар газар дээр нь үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргасан.  Долоодугаар  сард аймгийн ИТХ-аар шаардлагатай 656 сая  төгрөгийн санхүүжилтыг  баталсан. Өнөөдрийн байдлаар зуухыг буулгаж шинээр бүрэн автоматжуулагдсан тохируулга бүхий хяналт удирдлагын системтэй хийн түлшний усан халаалтын зуух суурилуулахаар  худалдан авах ажиллагаа зарласан байна.

“Эко” хорооллын тухайд  2019 оны халаалтын улирлаас эхлэн нийт 20 гаруй удаа гэмтэл гарсан.  Өнгөрсөн гуравдугаар сарын 15-17-ны хооронд нийт 80 метр газар ухаж 14 удаагийн гэмтэл гарсныг тус тус зассан.  УДХТ-өөс сувагт 5 хос 240м  шугамыг шинээр татахаар худалдан авах ажиллагааны  шатандаа явж байна.

Кувейтын гудамжинд авто замын доогуур хөндлөн трасстай Ф100мм-ийн голчтой цэвэр усны шугаманд гэмтэл гарсан. Тус шугам  нь УДХТ №6-1-ийг тэжээдэг хотын төв цэвэр усны шугам ба  VI  хорооллын 1, 2, 5, 6, 25-р байрны 375 айл өрх, подвалын давхарт үйл ажиллагаа явуулдаг 44 ААНБ хэрэглээний усаар хангадаг.  Энэ хэрээрээ цааш явбал дээрх айл өрхүүд, ААНБ хэрэглээний усаар хангагдахгүй  байх нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй юм. Иймд мөн адил аймгийн ИТХ-аар хөрөнгийг шийдвэрлэсэн.

Хангагч байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогоор өвөлжилтөд бэлтгэж буй хэд хэдэн ажил бий. Тухайлбал ямар ажил байна вэ?

 Тухайн байгууллага өөрсдийн нөөц боломжоор өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа 20 ажил бий. Тухайлбал,  “ЭБЦТС” ТӨХК 164 сая төгрөгийн санхүүжилтээр хүчдэлийн уналттай Баянбулагт дэд станц барьж, цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинээр АТП-573 63кВА чадалтай дэд станц барьсан. Ирэх аравдугаар сар гэхэд  5км 0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.  Эдгээр  ажлын үр дүнд  тус багийн 200 орчим айл өрхийн цахилгаан хангамж сайжирна.  Мөн “ЭУДТС” ОНӨХК хотын доторх  гэмтэлтэй бохир усны   шугам, орон сууцны  подвалийн бохир усны шугам, Танил захын  урд талын КНС-д  шугам хэсэгчлэн солих, худаг гаргах ажлыг 70 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэж байна.

Өнгөрсөн тавдугаар  сард 1, 2, 3, 4, 5, 6, Залуус , Говил багийн шугам угааж,  1-14-р байрны 6м шугам сольсон бол зургаадугаар сард   6-р микрт -1ш , Төв хаан банкны үерийн худагт -1ш , Хүлэг захын урд талд -1ш, 1-р хорооллын 5, 6, 12, 16-р байранд 6ш, 5-р хорооллын 11, 12, 13, 14-р байранд – 6ш, 2-р хорооллын 23, 24, 7, 8 -р байранд-10ш, нийт – 25ш худгийн люк бэхэлж шавардах ажлыг гүйцэтгэсэн байна.  Танил захын  урд талын КНС-д  шугам хэсэгчлэн солих, худаг гаргах ажлын мартериал таталт 100 хувь хийгдсэн.  

Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр ямар ажил арга хэмжээ авч байна вэ?

-Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахаар мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө өгч тухай бүрт нь засвар үйлчилгээ хийж байна. Уурын зуухаар халдаг 22,  28 дугаар цэцэрлэгүүд, 17, 20 дугаар сургуулиудын  2023-2024 оны хичээлийн жилд ашиглах нүүрс  татан авах ажлын гэрээг ААНБ-тай байгуулсан. Мөн халаалтын улирал эхлэхээс өмнө орон нутгийн өмчийн барилга болон сургууль, цэцэрлэгийн цонх, хаалгыг дулаалах, заадас, хаяавч засварлах,  дулааны үзель болон халаалтын шугамыг угаах засварлах ажлыг хийж байна.  Халаалтын улирал эхлэхтэй холбоотойгоор  сургууль, цэцэрлэгүүд болон  орон нутгийн өмчийн барилгуудын захиргаанд  өөрийн өмчийн халаах хэрэгсэл, гадна дотор ИШС-г засварлах тухай мэдэгдэлийг “ЭДЦС” ТӨХК, “ЭУДТС” ОНӨХК-иуд  хүргүүлж зөвлөгөөг мэргэжлийн тогтмол өгч байна.

-Өнгөрсөн өвөл халаалттай холбоотой гомдол айл өрхүүдээс багагүй гарсан. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн жил хэрэглэгчдээс ирсэн халаалтын санал гомдлын судалгааг гаргаж Хотын захирагчийн алба, “Эрдэнэтийн дулааны станц” ТӨХК, “Эрдэнэ ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн  инженерүүдтэй хамтарсан үзлэг шалгалт хийхийн зэрэгцээ  сайжруулах арга хэмжээ авч байна. Хангагч байгууллагууд нацосныхоо хүчин чадлыг нэмэгдүүлсэн, шугамаа өргөтгөсөн гэхчлэн тодорхой ажлууд хийсэн.

Газар дээр нь үзлэг хийхэд тохируулагч хаалт болон зарим айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр балконы өргөтгөлийн хэсэгт  халаах хэрэгсэл суурилуулсан байсныг буулгуулж хэвийн болгосон.

Айл өрх, ААНБ-ын халаалт доголдоход нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь өргөтгөл, балкондоо нэмэлт халаах хэрэгсэл суурилуулдагтай холбоотой. Иргэдийн энэ үйлдэл нь барилгын үндсэн халаалтын системийг өөрчилдөг. Энэ сарын 15-наас халаалт өгч эхэлнэ.   Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн байцаагч, СӨХ-ын төлөөллүүд хамтран үзлэг хийж байгаа, шаардлагатай бол  таслалт хийж байгаа шүү гэдгийг иргэддээ сануулья. 

Давс, бодисны нөөц бүрдүүлэлт эхэлсэн үү?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс бодисын нөөц бүрдүүлэлтэд орон нутгийн төсвөөс 260 сая төгрөгийг төсөвлөсөн. Манай аймгийн хэмжээнд 130 км орчим хатуу хучилттай авто зам байдаг. Нэг  жилд дунджаар 40-45 удаагийн давтамжтай цас ордог.  Жилд 373 тонн цас хайлуулах бодис, давсны  хэрэгцээ шаардлага үүсдэг юм.
Хот тохижуулах газарт цас хайлуулах зориулалтын бодис  10 тонн, давс 110 тонн нөөцтэй байна байна.   Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөсөн.  ОХУ-д үйлдвэрлэгдсэн бодис  хүйтэнд цас хайлуулах чанар өндөр учраас сонгон хэрэглэж байна.  Давсны хувьд Увс аймгийн давсыг шүлтлэг ихтэй цас хайлуулах чанар сайн учир  сүүлийн жилд хэрэглэж байна. Үлдэгдэл нөөц бүрдүүлэлтийн худалдан авалтаа энэ сар болон ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөсөн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.