Ж.Бат-Өлзий:Хөдөө аж ахуйн өвөлжилтөд 32 арга хэмжээг төлөвлөн бэлтгэж байна

Categories НийгэмPosted on

Аймгийн 2023-2024 оны хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзийтэй ярилцлаа. 

-Хөдөө аж ахуйн өвөлжилтийн  бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Онцгойлон анхаарч байгаа зүйлс нь юу байна вэ? 
-Аймгийн 2023-2024 оны хөдөө аж ахуйн  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газраас 32 арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг  боловсруулсан. Төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 80.3 хувьтай байна. Салбар тус бүрээр нь авч үзвэл мал аж ахуйн салбарт, газар тариалангийн салбарт 14, мал эмнэлгийн салбарт  4,  хүнсний салбарт нэг арга хэмжээг тус тус төлөвлөсөн. Энэ сарын 14-нд хуралдан аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2023-2024 оны хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлнэ. 

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу  болон Засгийн газрын 279 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 03 албан даалгаврыг үндэслэж  орон нутгийнхаа онцлогт тохируулан  боловсруулсан. 

Хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа нэг асуудал нь мал аж ахуйн салбарт хадлан бэлтгэх ажил юм. Манай аймаг хадлангийн талбай багатай.  Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоол, аймгийн  ИТХ-ын 15/02 дугаар тогтоол Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ус, цаг уур орчны шинжилгээний төвтэй хамтран Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт бэлчээрийн ургамлын ургацыг долоон цэгээс тодорхойлсон. Энэ жил бэлчээрийн га-аас  6,5 центр ургац авах урьдчилсан тооцоо гарсан.
 Нийт бэлчээр болон хадлангийн талбайгаас 4000 орчим тонн хадлан бэлдэнэ.Аймгийн хэмжээнд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 9500 тн өвс бэлтгэхээс хөрш зэргэлдээх аймаг, сумдын нутаг дэвсгэрээс 4500 тн байгалийн хадлан, өөрийн аймгийн нутаг дэвсгэрээс 5000 тн байгалийн хадлан бэлтгэнэ. Жаргалант болон Баян-Өндөр сум руу энэ  талаарх тодорхой чиглэлүүдийг  өгсөн.  Мөн хил залгаа сумдын удирдлагуудтай уулзаж тухайн орон нутагт нь өвөлжиж, хаваржиж байгаа малчдад хадлан бэлдэх талбай гаргаж өгөх зохицуулалтыг хийж байна.  Өчигдрөөс буюу энэ сарын 4-нөөс эхлэн хадлангийн мэдээллээ авч эхэлсэн. Хадлан бэлтгэлийн ажил ид эхэлсэн байна. 

Газар тариалангийн салбарт төрийн оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэл салбар яамнаас ирдэг.  Тулгамдаж байгаа асуудлуудын нэг  төмс хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн ургац хураалтад шаардлагатай техникийн хангамж 75 хувьтай байна.  Үр тарианы хураалтад ашиглах техникийн хангамж 100 хувьтай.  Техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг зүтгэх хүчний нэг  техник, орон нутгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар мөн адил   нэг техник ирсэн. Жаргалант суманд өмнө нь байсан хоёр техник нийт 4 зүтгэх хүчний техникийг  ургац хураалтад ашиглана. Эдгээр техникүүд нь зөвхөн өрхийн тариаланч болон төмс хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн ажилд оролцохоор бэлтгэл хангаж байна. 

-Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилээс бага ургац авах урьдчилсан баланс гарсан талаар мэдээлсэн. Энэ нь юутай холбоотой вэ? 
Газар тариалангийн салбарт энэ жил 5,6 мянган га талбайд 100 хувь тариалалт хийсэн. Үр тарианы болон төмс хүнсний ногооны урьдчилсан баланс гарсан. Энэ жил нэг га-аас 24 центр үр тариа авна. Өөрөөр хэлбэл, 3000 гаруй га талбайгаас 7000 орчим тонн ургац авна. Үр тарианийн баланс тодорхой хэмжээнд өснө. Энэ зун нэлээдгүй бороотой байсан нь  төмс хүнсний ногоо  чийгийн илүүдэлтэй болоход нөлөөлж, үүнээс улбаатай чийгийн өвчлөл их гарсан. 

– Жаргалант суманд барьж байгаа ногооны зоорь хэзээ ашиглалтад орох вэ? 
-Тариаланчид өвлийн турш төмс, хүнсний ногоогоо хадгалах зоорь хамгийн их шаардлагатай байсан. Үүнийг шийдвэрлэж орон нутгийн төсвийн хөрөгө оруулалтаар 500 тоннын багтаамжтай зоорь баригдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард  ашиглалтад орно. 

– Энэ жил 250 орчим  тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ? 
-Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор нөөцийн мах гаргах үүрэгтэй байсан. Энэ хүрээнд АТГ-аас өгсөн зөвлөмж болон хуульд заасны дагуу нээлттэй худалдан авах тендер зарласан боловч шаардлага хангасан компани ороогүйтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгээгүй. Энэ жил  энэ сардаа багтаж нөөцийн мах нийлүүлэх компани, аж ахуйн нэгж байгууллагыг сонгоно. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг Хүнс хөдөө аж ахуйн газраас боловсруулж, Засаг даргад танилцуулах юм. Энэ жил  200-250 тонн нөөцийн мах бэлтгэхэд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийг төсөвлөсөн. 

-Аймаг, сумдын аюулгүй нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлын талаар…? 
Жаргалант сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасаг дээр бүртгэл явагдаж, бүртгэлийн дагуу төмс хүнсний ногоо хураах ажлыг зохион байгуулна. Мөн Засгийн газрын тогтоол болон ИТХ-аас баталсан төлөвлөгөөний дагуу аюулгүйн нөөцийн өвс тэжээл бэлтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэх ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж, орон нутгийн төсвөөс 170 орчим сая төгрөгийг төсөвлөсөн. сарын 25-наас аравдугаар сарын  1-ний хооронд аймаг, сумдын аюулгүй нөөцийн агуулахад нөөцийн өвс, тэжээл бууна. Үүнийг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг хүлээж авна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.