“Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүргийг П.Сувдаа түр орлон гүйцэтгэхээр боллоо

Categories ҮйлдвэрPosted on

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрийн Б/3772 тоот тушаалаар “Эрдэнэт медикал” төрийн өмчит, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Гүйцэтгэх захирлын ажлыг удирдлага томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэх үүргийг тус эмнэлгийн Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал П.Сувдаад хариуцуулахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх тэргүүтэй удирдлагын багийнхан тус эмнэлгийн хамт олонд танилцуулж, тамга тэмдгийг гардууллаа.

Энэ үеэр “Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хамт олондоо хандаж үг хэлэхдээ, 170 гаруй сая төгрөгийн өртэй, 100 гаруй ажилчид нь эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулсан үед ажил хүлээж авч байснаа дурсаад, өнгөрсөн 500 гаруй хоногийн хугацаанд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, саад бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулсанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх үүрэг хүлээсэн П.Сувдаад баяр хүргэж, мэдлэг, туршлагаа бүрэн дайчилж, түмэн олныхоо эрүүл мэндийн манаанд эгнэгт бат, хариуцлагатай ажиллахыг хүсэн ерөөв.

“Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэтчүүдийн, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Түүнчлэн тус эмнэлгийн үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэрээр хязгаарлагдахгүй, уул уурхайн салбарын хэмжээнд явагдах эхлэл тавигдсаныг Ерөнхий инженер Т.Батмөнх энэ үеэр онцолсон. Иймээс төрийн өмчийн хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулалт, төлөвлөлтөндөө онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

“Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон П.Сувдаа нь АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, эрүүл мэндийн салбарт 24 ажилласан туршлагатай удирдагч юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.