ЗГХЭГ-ын ажлын хэсэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

Categories ҮйлдвэрPosted on

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх Ү.Амарбатаар ахлуулсан ажлын хэсэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн  Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, шинэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, уурхайн ашиглалт зэрэг чиглэлээр газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжилтнүүд, ажил хариуцагчидтай хамтарсан хэлэлцүүлэг хийж, тодорхой шийдэл гаргах зорилготой юм. 


Ажлын хэсгийнхэн, хэлэлцүүлгийн эхний сэдэв “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга, элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоосноос байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тус үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үр дүн”-тэй танилцах бол  дараа нь Хаягдлын аж ахуй буюу цагаан тоос дэгдэлтийн талбайд очиж биечлэн үзэх юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн баригдаж буй “Уул уурхай, металлурги, химийн үйлдвэрийн цогцолбор” Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтын талбайд очиж сонирхоно. 


Түүнчлэн Ил уурхайн II овоолгын нөхцөл байдал, ашиглалттай танилцаж, үйлдвэрлэлийн явцад үүссэн исэлдсэн хүдрийн болон тодорхой үр ашигтай, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг хэрхэн ашиглаж буй талаар мэдээлэл сонсох юм байна. Эдгээр мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат, Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл, Ерөнхий геологич Д.Алтанхуяг нар өөрсдийн чиглэлийн дагуу танилцуулах бол маргааш Төрийн хэмнэлтийн тухай хууль, “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Нийгмийн харилцааны албаны дарга Д.Өнөбат мэдээлэл хийж, ажлын хэсгээр хэлэлцүүлэх юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.