Эрхүүгийн улсын их сургууль төгсөгчдийн уулзалт боллоо

Categories ҮйлдвэрPosted on

     Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бол энэ онд ОХУ-д монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрхүүгийн Улсын их сургуулийн удирдлагууд Эрдэнэт хотноо зочилж, гурван үеийн төгсөгчдийн уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн анхны дээд сургуулийн нэг болох Эрхүүгийн их сургууль 96 дахь жилдээ монгол оюутнуудыг бэлтгэж байна. Тус сургуулийн төгсөгч 200-аад мэргэжилтэн Орхон аймагт ажиллаж амьдардгийн 120-иод нь Эрдэнэт үйлдвэрт харьяалалтай, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд юм. Эрхүүгийн Улсын их сургуулийн захирал Михайл Викторович төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирал Шагдарын Отгонбилэг, мөн Ерөнхий захирал асан, Хөдөлмөрийн баатар Хоохорын Бадамсүрэн, өнөөгийн Ерөнхий захирал Гэлэнгийн Ёндон нар ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн төгсөгчид болохыг тодотгон, тэднээр бахархаж явдгаа илэрхийлсэн. 

Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон үе үеийн чадварлаг инженерүүдийн хүчээр Эрдэнэт үйлдвэр хүнд цаг үеийг туулж, өнөөгийн түвшинд хүрсэн гэдгийг уулзалтад оролцогч ахмад уурхайчид онцолж байлаа. Эдүгээ тус сургуулийн төгсөгчид Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдэд голлох үүрэгтэй ажиллаж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна. Хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон үүрэгтэй оролцож байгаа Эрхүүгийн их сургуулийн аспирантурт Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтсийн инженер И.Цолмон, ЭЦДС-ийн багш Б.Нямбат, магистрантурт Засвар механикийн заводын ажилтан Б.Мандалбаяр, АТЦ-ийн ажилтан Ц.Баярцэнгэл, И.Батболд нар суралцаж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.