Эрдэнэсийн тээвэрчид шилдгүүдээ тодрууллаа

Categories ҮйлдвэрPosted on

     Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Автотээврийн цехийн хамт олон 2022 онд ажил үйлсээрээ эрдэнэсийн тээвэрчдээ манлайлсан шилдэг ажилтнуудаа өнөөдөр тодруулан өргөмжиллөө. Тус хамт олон энэ оны төлөвлөгөөт даалгавраа 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар уулын цул тээвэрлэлтийг 101.3 хувь, ачаа тээврийн төлөвлөгөөг 111.5 хувь, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн машин цагийн төлөвлөгөөг 101.3 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна. Мөн зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 62 сая төгрөгөөр хэмнэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг т/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 5.1 хувиар бууруулан ажиллажээ. Түүнээс гадна 2022 оны хөрөнгө оруулалтаар хүнд даацын БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч зургаан автомашин нийлүүлэгдсэнийг угсран ашиглалтад оруулсан. Ил уурхайн 8А овоолгод 75 м3 багтаамжтай бүрэн автомат зөөврийн шатахуун түгээх станц ашиглалтад оруулснаар хөрс, балансын бус хүдэр тээвэрлэдэг хүнд даацын 16 БелАЗ-ыг газар дээр нь шатахуунаар цэнэглэх боломж бүрдэж, зардал хэмнэсэн зэрэг онцлох олон ажлыг шилдэг ажилчдад шагнал гардуулах ёслолын үеэр цехийн дарга Я.Дамдиндорж нэрлэлээ. 

Автотээврийн цехийн 2022 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн дарга Б.Содхүүг тодруулсан бол “Шилдэг мэргэжилтэн”-ээр Төлөвлөлт, шинжилгээний товчооны  тэргүүлэх эдийн засагч Л.Амгалан, Уулын технологийн тээврийн хэсгийн ахлах мастер Х.Мөнхсайхан нар шалгарсан юм. Харин “Шилдэг урлагийн авъяастан”-аар Эрчим зүйн товчооны шатахуун түгээгч С.Алтанцэцэг, “Шилдэг тамирчин”-аар Тусгай зориулалтын тээврийн хэсгийн жолооч Н.Оюунболд, “Шилдэг хамт олон”-оор Д.Ганбат даргатай Ачаа тээвэр шуурхай үйлчилгээний хэсгийн хамт олон тодорч шагналаа гардлаа. 2022 оны “Шилдэг ажилтан”-аар Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн жолооч Л.Түвшинбаяр, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн засварчин С.Төрмөнх, Хүнд машин механизмын хэсгийн жолооч Ю.Энхбаатар, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн жолооч Б.Энхбат нарын 15 хүн тодорсон юм. 

Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Уулын технологийн тээврийн хэсгийн ээлжийн мастер Б.Гансүх, Хүнд даацын машины жолооч Ц.Шагдар, М.Бат-Эрдэнэ, Механикийн товчооны Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин О.Энхтүвшин нарт салбарын шагнал болох “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг хүртээлээ. Харин Монголын залуучуудын холбооны шагнал “Тэргүүний залуу” алтан медалиар Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн агрегат засварчин Ш.Мөнхтулга шагнагдав. Түүнээс гадна Ашиглалтын товчооны дарга С.Цэгмэд “Орхон аймгийн  Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан бол Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч Г.Ариунболд, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн жолооч О.Ган-Эрдэнэ нар Орхон аймгийн Авто тээврийн төвийн шагнал “2022 оны Шилдэг жолооч” өргөмжлөл хүртсэн юм.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.