Нийгмийн цехүүд нийтийн цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа

Categories ҮйлдвэрPosted on

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бүтцийн 11 нэгжийн удирдлагууд өнөөдөр Орхон аймгийн ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж цас мөсний нийтийн их цэвэрлэгээнд нэгдэх уриалга дэвшүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Орхон, Сэлэнгийн сав газраар сүүлийн 20-иод жилд болоогүй их хүйтэрч, цас мөс дагтаршиж тогтсоноос зам тээврийн аваар осол, ахуйн гэмтэл ихээр нэмэгдэх болсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд цас мөсний нийтийн их цэвэрлэгээг 12-р сарын 17-ны бямба гаригийн 11:40 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон түүхэн энэ өдөр Нийгмийн цехүүд үйлдвэрийн газрын нийт бүтцийн нэгжийн 7000 гаруй ажилтан, албан хаагч, нийт уурхайчдаа уриалан, нийтийн цэвэрлэгээнд түүчээлэн ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Одоогоор Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Яргуйт, Наран, Булаг, Цагаанчулуут, Их залуу, Зэст зэрэг багийн 15 цэг дээр 14,5 км явган болон авто зам, дөрвөн км2 талбай бүхий цас, мөсийг цэвэрлэх төлөвлөлт хийгээд байна. Аваар осолгүй, ахуйн гэмтэлгүй, цэвэр цэмцгэр өвөлжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын нийтийн их цэвэрлэгээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрийг нэгдэхийг Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн цехүүд уриалж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.