Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан болж байна

Categories НийгэмPosted on

Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болж байна.   Хүндэтгэлийн хуралдаанд, УИХ-ын гишүүн Д.Батлут, Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат болон үе үеийн ИТХ-ын удирдлагууд, төлөөлөгчид оролцож байгаа юм. 

    1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Тэр  үеэс хурлын байгууллагын  шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 30 жилийн хөгжлийн түүхээ бүтээжээ. 
ИТХ-ын дарга Д.Мөнхбат хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Орхон аймаг Монгол Улсын шилдэг аймгаар 11 удаа шалгарч, 2016 онд  төрийн дээд Сүхбаатар одон, 2016 онд Жаргалант сум Монгол Улсын тэргүүний сумаар шалгарсан нь үе үеийн ИТХ-ын байгууллага нутгийн захиргааны байгууллагатай үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсний үр дүн юм” хэмээн онцлов. 

      “1994 онд “Аймаг, сум байгуулах тухай” Улсын Их Хурлын 32 дугаар тогтоол гарч Эрдэнэт хотын тэр үеийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг байгуулж, Найрамдал, Баян-Өндөр хорооны нутаг дэвсгэрт Баян-Өндөр сумыг шинээр байгуулж, Жаргалант хороог Жаргалант сум болгосон түүхтэй. 
 Өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа дүгнэж, алдсан зүйлээсээ сургамж авч, ирээдүйд чиглэсэн бодлогын асуудлаа ярилцах түүхэн боломж гэж үзэж байна. Манай Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн бодлогын цөм нь Хүний хөгжилд чиглэж байгаа. Бидний үнэт зүйл бол иргэд маань юм. Тийм учраас цаашид иргэдийн амьдрал дундаас орон нутгийн хөгжлийн бодлого томьёологдон гарах учиртай гэж би бодож байна” хэмээн  Засаг дарга С.Батжаргал мэнчдчилгээ дэвшүүлсэн. 

    Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ  УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээсэн баярын ил захидлыг уншиж сонордууллаа.
УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд 97 тогтоолоор Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг батламжилсан юм.

      “Шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Орхон аймаг байгуулагдан, бие даасан засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж болсон түүхтэй. Монгол Улсад эрх зүйт төр төлөвшин бүрдсэн 30 жилийн түүхэн хугацаанд Орхоныхон аймаг, орон нутгийнхаа бие даасан байдлыг бэхжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэх нутгийн удирдлагын шинэ тогтолцоог амжилттай төлөвшүүлж буйг Орхон аймгийн хүний хөгжил, нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадвар нь тодорхойлно” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар баярын мэндчилгээндээ цохон тэмдэглэжээ. 

    Мөн хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ ирүүлснийг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд сонордуулав. 
Мэндчилгээнд, “1992 онд батлагдсан Үндсэн хууль нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд төлөөллийн ардчиллын сонгодог зарчим болсон нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоог бүрдүүлж, иргэдийн оролцоонд тулгуурлаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, орон нутгийн онцлогт  түшиглэсэн бүсчилсэн хөгжлийг дэмжих, засаглалын хэлбэрийг төлөвшүүлсэн билээ.   Монгол Улсын Засгийн газар ирэх төсвийн жилээс эхлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг  нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууийн шинэчилсэн найруулгын дагуу нутгийн өөрөө удирдах ёсыг боловсронгуй болгох төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх нь Та бидний хамтын зорилго билээ” гэжээ. 

Түүхийн 30 жилийн хугацаанд Орхон аймгийн ИТХ-ын байгууллага  нийт 8 удаагийн бүрэн эрхийг хугацааг үдэж, давхардсан тоогоор нийт 252 төлөөлөгч сонгогджээ.
Бүрэн эрхийн хугацаандаа аймаг, хотынхоо өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох амаргүй ажилд иргэд сонгогчдоо төлөөлөн оролцож ирсэн юм.   Хүндэтгэлийн баярын хурлаар үе үеийн удирдлагууд тухайн нийгэм, цаг үеийн онцлог  байдал, дурсамжаасаа хуваалцахын зэрэгцээ 30 жилийн хугацааны  ололт амжилт,  ирээдүйд чиглэсэн бодлогын асуудлаа ярилцаж  байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.