Цахилгаан эрчим хүчний жилийн төлөвлөгөөг 14 сая квт-аар давуулан биелүүлээд байна

Categories ҮйлдвэрPosted on

     Гадаа хүйтний эрч чангарахад хүн бүр Дулааны цахилгаан станцын үүргийг илүү их ойлгон талархаж, басхүү хэвийн үйл ажиллагаанд нь сэтгэл зовнидог. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын нүүрсний нөөц, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэр хэмжээнд яваа талаар Г.Мөнх-Эрдэнэ даргаас тодрууллаа.  

-Дулааны цахилгаан станц ямар горимоор ажиллаж байгаа вэ? 

-Өнөөдөр манай станц 43 мВт-ын цахилгаан ачаалалтай, Эрчим хүчний төв диспетчерийн хяналт дор ажиллаж байна. Энэ нь дөрвөн турбин, дөрвөн зуух ажиллаж байна гэсэн үг. Хоёр жижиг турбин, нэг зуух бэлтгэлд байна. Нэг зуух их засварт орсон. Их засварын ажил ондоо багтаад дуусна. 

-Одоо хэд хоногийн нүүрсний нөөцтэй байна? 

-23800 тонн буюу 16 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Шарын голоос нүүрс авдаг гурван цахилгаан станцын зүгээс нүүрсний ханган нийлүүлэлт удаашралтай байгааг хөндөж асуудал тавьсны үр дүнд хоногт 30-35 вагоноор нүүрсний ачилт хэвийн явагдаж байна. Өвлийн ид ачааллын үед дор хаяж 14 хоногоос багагүй нүүрсний нөөцтэй байх ёстой. Энэ сард бид Шарын голоос 42 мянган тонн нүүрс аваад энэ жилийн гэрээ дуусах юм. 

-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд дулаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажилласан уу? 

-Ер нь бүх цахилгаан станц гаднах агаарын хэмтэй холбоотойгоор дулааныхаа температурыг нэмж, хасаж ажилладаг. Бид бүрэн хүчин чадлаараа, дулаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлээд, алдаа доголдолгүй хэвийн ажиллаж байна. 

-Оны сүүлийн сар гарлаа. Жилийн төлөвлөгөөний биелэлт хэр хэмжээнд яваа вэ? 

-Давуулан биелүүлж яваа. Энэ жил манай цахилгаан эрчим хүч боловсруулалтын төлөвлөгөөг 335 сая кВт байхаар баталсан. Одоогоор бид 14 сая кВт-аар илүү үйлдвэрлэсэн амжилттай ажиллаж байна. Оны төгсгөл гэхэд 350 орчим сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Дулаан үйлдвэрлэлийн хувьд төлөвлөгөө 100 хувийн биелэлттэй явна.  

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл ямар шатанд яваа вэ? 

-Манай станц дээр Шахмал түлшний үйлдвэрлэлийн хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Техникийн хувьд ерөнхийдөө бэлэн болсон. Одоо гурван өөр лабораторийн  дүгнэлтийг МХЕГ, Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулж зөвшөөрөл авах юм. Бид туршилтаар 40 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэсэн. Энэ ажил ирэх жилээс жигдрэх байх. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийнхээ гэр хороололд амьдардаг ажилчдынхаа хэрэглээг хангахыг зорьж байна. Цаашид өргөтгөөд, хүчин чадлыг нь нэмэгдүүлбэл Орхон аймгийнхаа гэр хорооллын айл өрхийн хэрэглээг хангах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.