Г.ДАВААСҮРЭН: ШИНЭ СОРТЫН, ӨНДӨР ҮНЭТЭЙ ШУВУУНУУДЫГ НУТАГШУУЛАХААР ЗОРЬЖ БАЙГАА

Categories НийгэмPosted on

“Отгон Мандат” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр шувууны аж ахуйдаа инкубаторт бойжуулах аргыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

Өдөржингөө л хоол хийж өнгөрдөг. Хүүхдүүдийнхээ хоолыг хийгээд, тахиа шувууныхаа хоолыг хийсээр байтал өдөр дуусдаг. Ямар сайндаа манай хүүгээс “Ээж чинь юу хийдэг вэ?” гэхэд “Тогооч” гэсэн байна лээ. /инээв/.

Шувууны ферм эрхлэхэд хэр их хөдөлмөр зарцуулдаг вэ? Арчилгаа ихтэй юу?

Арчилгаатай. Фермийн өдөр тутмын ажилд миний хүү тусалдаг. Энэ чиглэлээрээ ч мэргэшиж байгаа.

Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна уу?

Шинэ сортын, өндөр үнэтэй шувуунуудыг нутагшуулах бодолтой байгаа. Шувууны ферм жаахан эвгүй үнэртэй. Зун болохоор улам нэмэгддэг учраас хөрш айлуудад таагүй сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлэх гээд шувууны байр барьж байгаа.

Шувуу тэжээхэд өртөг хэр өндөр байдаг вэ? Бизнес болгоод хөгжүүлэхэд ашигтай байж чадаж байна уу?

Урд нь шувуугаа зардаггүй байхад өдөржин хөдөлмөрлөөд л байдаг, үр ашиг байхгүй ингээд идээд л байж байх юм байхдаа гэж боддог байлаа. Шувуугаа болон өндгөө зарж эхлээд борлуулалттай болоод ирэхээр урам орсон. Манай шувуунууд өвлийн улиралд өдөртөө 20 гаруй, зуны улиралд 60 орчим өндөг гаргадаг.

Өндөгнүүд нь төрлөөсөө шалтгаалаад өөр өөр үнэтэй байх уу?

Дэгдээхий болдог, болдоггүй гэж хоёр төрөл байна. Дэгдээхий болдог өндгүүд нь илүү өндөр үнэтэй. Шувуу үржүүлэх сонирхолтой хүмүүс ихэвчлэн дэгдээхий болдог өндөг авдаг.

Манайх үржүүлгийн хоёр аргыг ашигладаг. Нэг нь эхээр нь даруулах, нөгөөх нь инкубаторт бойжуулах гэсэн аргыг ашигладаг. Манайх инкубаторт бойжуулах аргыг ашиглаад 1 жил болох гэж байна. Өмнө нь нийт 50 өндөг бойжуулах хүчин чадалтай инкубатортой байсан бол одоо томруулаад нийт 400 өндгийг бойжуулах хүчин чадалтай болгож өргөжүүлсэн. Инкубаторт бойжуулахад өндгөө эргүүлж тойруулах, уураар утаж чийгшил өгөх гээд амьтай амьтан төрүүлэх гэж байгаа учраас арчилгаа ихтэй. Жамаараа бойжиж байгаа өндөг нь илүү тэсвэр хатуужил сайтай байдгаараа давуу талтай. Аль аль нь ялгаагүй өндөг нь 20 гаруй хоног бойжоод дэгдээхий болдог.

Нийт авсан өндгийнхөө хэдэн хувийг нь бойжуулаад хэдэн өндгийг нь зах зээлд нийлүүлдэг вэ?

Хаврын өндөгнүүд бүгд амьдардаг учраас худалддаггүй. Зунаас хойш гарсан дэгдээхийнүүд амьдрах чадвар багатай, даарах нь амархан, арчилгаа ихтэй учраас бойжуулах шаардлагагүй байдаг.

Шувууны аж ахуй эрхлэхэд анхаарах зүйл юу байдаг вэ? Таниас хэр их хүмүүс ирж зөвлөгөө авдаг вэ?

Арав гаруй жилийн хөдөлмөр гэдэг бас богино хугацаа биш шүү дээ. Ойр хавийн хүмүүсээс эхлээд худалдан авч байгаа, ийм төрлийн бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүс ирж зөвлөгөө авдаг. Өнгөрсөн бүхий л хугацаанд хуримтлуулсан туршлагаасаа харамгүй зааж зөвлөөд явуулдаг.

Таниас шувуу худалдаж аваад аж ахуй эрхэлсэн хүмүүс хэр их байдаг вэ?

Ойр орчмынхоо нэлээд хэдэн хүнийг тахиатай болгосон.

Шувууны аж ахуй эрхлэхэд хэр өртөг өндөртэй вэ?

Галуу гэхэд зунжингаа л идэхээс өөр “ид шидгүй”. Нүүдлийн шувуу учраас хавар өндөглөдөг. Тэжээлийн хувьд гуанзнаас хоол аваад тариа будаагаар баяжуулаад өгдөг. Мөн бялууны үйлдвэрээс үлдэгдэл аваад дэгдээхийнүүддээ өгдөг зэргээр хоолны хэрэгцээг нь шийдчихдэг.

Шувуунаас өөр амьтан тэжээж үзсэн үү?

Шувуунаас өөр нохой, муур, загас тэжээдэг. Нохой, шувуу гэхээр эсрэг тэсрэг, зохицолгүй амьтан шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ бүгд хоорондоо маш эвтэй, найзалчихсан байдаг. шувууны гол дайсан бол муур байдаг. Манай нохойнууд шувуунуудаа муурнаас маш сайн хамгаалдаг. Зөвхөн муур гэлтгүй зэрлэг байгалийн шувууд дайсан болох нь элбэг. Элээ дэгдээхийнүүдээс нь шүүрээд авчихна, болжморууд хоолноос нь булаацалдана, хэрээнүүд том том хоолнуудыг нь түүгээд идчихнэ гээд дайсан “их”. Хэрээнүүд бас нохойтой тоглоно. Их хачин.

Та ер нь яагаад шувууны ферм ажиллуулах болов. Ямар шалтгаан байв?

Би Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн ангиар төгссөн, дуучин мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд л нөхөртэйгөө хамт Эрдэнэтэд ирсэн. Тэгээд мэргэжлээрээ ч ажиллаагүй нөхрийнхөө хоббиг дагаад шувуутай “нөхөрлөсөн дөө”. /инээв/

Анх шувууны фермээ хэдэн шувуутайгаар эхлүүлж байсан бэ?

Анх 80 орчим тахиатай эхлүүлж байсан. Тахианаас гадна гахай тэжээдэг байлаа. Гахайнаас үнэхээр халширсан. Маш их ажиллагаатай, ааш араншинг нь тааруулах гэж их хэцүү юм билээ. /инээв/. Одоо цацагт хяруул, галуу, тахиа гээд 200 орчим шувуутай болсон.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Г.Оюунтуяа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.