Д.ГАНБААТАР: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ СЭТГЭЛ, СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЖ ХООЛОО ХИЙДЭГ

Categories НийгэмPosted on

Энэрэл төвийн олон бяцхан хүүхдэд яг л гэртээ байгаа мэт хооллох мэдрэмжийг төрүүлэхийг хичээн, ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулан ажиллаж байгаа тус төвийн тогооч Д.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр 20 гаруй жил хоолны салбарт ажиллахдаа япон болон нийтийн хоолонд мэргэшиж, аймаг, бүсийн аварга тогоочоор шалгарч явсан Эрдэнэтийн чадварлаг тогоочдын нэг юм.

Анх яагаад хоолны салбарыг сонгож тогооч болохоор шийдсэн бэ?

Би Улаанбаатар хотод сургуульд сурахаар болж, айлд амьдрахдаа л хоол хийж сурсан. /инээв/ Айлд байгаа хүүхэд чинь хоол хийж гэр орны ажилд туслахаас эхлээд юм юм хийнэ ш дээ. Ингэж явсаар ахлах ангиа төгсөхөд бараг хоол хийх хэмжээнд оччихсон байсан. Ингээд л шууд тогооч болъё гэж бодоод тогооч болчихсон.

Энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

1997 оноос хойш 24 дэх жилдээ ажиллаж байна.

Та хоолны ямар чиглэлд мэргэшсэн бэ?

Япон хоол болон нийтийн хоолоор мэргэшсэн. Анх “Анаг” ХХК Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хоолыг хийдэг байхад тэнд ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн. Дараа нь 2012 онд “Петушка” ресторанд ажиллаж байгаад 2014 оноос Энэрэл төвд тогоочоор орж одоог хүртэл ажиллаж байна.

Та Энэрэл төвд хүүхдийн хоол хийдэг гэдгээр онцлог. Хүүхдийн нийтийн хоолыг хийхэд анхаарах зүйл юу байдаг, ямар онцлогтой вэ?

Хүүхдийн хоол хийх, тэр тусмаа Энэрэл төвийн хүүхдүүдэд хоол хийхдээ өөрийн хүүхдэд хоол хийж өгч байгаа юм шиг сэтгэлээр хандах ёстой байдаг. Хоолыг зарим хүүхдүүд нь их, зарим нь бага иддэг. Зарим нь өөх тостой хоолонд дуртай байхад зарим нь огт иддэггүй зэрэг хүүхэд бүр өөр өөрийн хоолны дуршилтай байдаг учраас онцлог бүрт нь тохируулан, тусгайлан зориулж, хичээж хоолоо хийдэг.

Та хоолны цэсээ яаж зохиодог вэ?

Ахлах тогоочтойгоо ярилцаад хоолныхоо цэсийг зохиодог. Гэртээ хүүхдүүд яаж хооллодог, ямар хоол иддэг билээ, яг тийм сэтгэгдлийг хүүхдүүдэд төрүүлэхийг хичээж цэсээ бэлддэг.

Хүүхдүүдээс “Баярлалаа” гэдэг үг хэр их сонсож байна?

Маш их. Байнга л “Баярлалаа” гэж хэлдэг. Энэрэл төвийнхөө хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт санаж, чин сэтгэлээсээ хийдэг учраас сэтгэл шингэсэн хоолыг хүүхдүүд идэх нь хүртэл өөр шүү. Жаргалтай байдаг.

Та ажлаараа бахархдаг уу, хэр зэрэг таашаал авч байна?

Маш их. Миний ажил миний хоёр дахь гэр. Ажил дээрээ байх хугацаандаа яг л ажилдаа анхаарч хийх ётой ажлаа чин сэтгэлээсээ хийж, үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг.

Мэргэжлийн чиглэлээр зохиогдож буй тэмцээнд оролцож байв уу?

Аймаг, бүс, улсын хэмжээний тэмцээнүүдэд 2009 оноос хойш оролцсон. Хангайн бүсийн аварга, Улсын аварга шалгаруулах тогоочдын тэмцээн, “Залуу тогоочдын уралдаан” зэрэг бүхий л уралдаанд оролцож байсан.

Ямар амжилт гаргасан бэ?

Европ хоолны төрлөөр “Бүсийн аварга”, “Аймгийн аварга” болж байлаа. Мөн Улаанбаатар хотод болсон “Олон улсын тогоочдын тэмцээн”-д оролцож багаараа хүрэл медаль авч Эрдэнэтийнхээ нэрийг гаргаж байсан.

Тогооч хүний хувьд баримталдаг хамгийн чухал гурван зарчим нэрлэ гэвэл юу байх вэ?

Ямар ч хоолыг хийхдээ эхлээд өөртөө болон хамгийн хайртай хүндээ зориулахдаа яаж хоол хийдэг үү, яг тэрэн шиг чин сэтгэл, мэдрэмжийг суулгаж хоолоо хийж эхэлдэг. Хоёрдугаарт, аль болох эрүүл сайхан хүнсээр хоол хийхийг хичээдэг. Гуравт, тогооч хүний эзэмшвэл зохих мэдлэгтэй, соёлтой байхыг эрмэлздэг.

Танд үлгэр дуурайлал авдаг, суралцдаг хүн байдаг уу?

Байлгүй яахав. Улаанбаатар хотын “Bluefin” рестораны ерөнхий тогооч П.Ганбат. Тэр хүний хоол хийж буй арга барилыг харж маш их зүйлийг сурсан. Монголд хоолны стандарт хэм хэмжээ, хөгжил ямар төвшинд явааг сайн сайн тогооч нараас олж хардаг. Тэдгээрээс үлгэр дуурайлал авч, өөрийгөө ямар төвшинд явааг үнэлж цаашид юу суралцах хэрэгтэйгээ мэддэг.

Та Эрдэнэтийн хоолны салбарын хөгжил ямар төвшинд байна гэж боддог вэ? Давуу болон сул талыг нь юу гэж харж байна вэ?

Эрдэнэтийн хоолны салбарын хөгжил Улаанбаатар хоттой харьцуулвал арай дутмаг санагддаг. Яагаад гэвэл хүнсний бараа бүтээгдэхүүний нэр төрөл бага, барааны чанар шинэлэг байдлаа алдаж ирдэг зэрэг сул талтай. Хоолны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд орц бүтээгдэхүүний олдоцоос шалтгаалж хоолны цэсээ боловсруулдаг. Гэсэн хэдий ч Эрдэнэтийн хоолны салбар сайжирч хөгжсөөр байна.

Эрдэнэтийн тогооч, боловсон хүчинд зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтууд хэр явагддаг вэ? Хоол үйлдвэрлэлийн салбарын боловсон хүчинд сайжруулах шаардлагатай зүйлс ажиглагддаг уу?

Ажиглагддаг. Маш их ажиглагддаг. Тухайлбал, зарим цайны газар, пабаар үйлчлүүлэхэд тогооч нарын хоол хийх чадвар дутмаг байгаа нь анзаарагддаг. Зарим тогоочдын хоол хийх арга барил нь нэг хэвийн, өдөр бүр хийдэг хоолоо л хийдэг, шинэлэг санаа дутмаг, дэвшилгүй байх шиг санагддаг.

Эрдэнэт хотод дутагдаж буй, нэвтрүүлэх шаардлагатай хоолны чиглэл юу байна гэж харж байна?

Өндөр жишиг тогтоосон олон улсын сүлжээ ресторанууд орж ирээсэй гэж боддог. Солонгос хоолны“Yuna”, тахианы “KFC” зэрэг өндөр жишиг тогтоосон сүлжээ рестораны салбар орж ирвэл дагаад хоолны салбарын хөгжил сайжирч, босго өндөрсөнө гэж боддог.

Ойрын үед хийж хэрэгжүүлэх шинэлэг санаа, шинэ ажил байгаа юу?

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой төлөвлөгдсөн бүх ажлууд хойшилсон. Эрдэнэтийн залуу тогоочдын үүсгэн байгуулсан “Залуу тогоочдын клуб” гэж байдаг. Энэ клубээр дамжуулан залуу тогоочдыг чадавхижуулах, хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Эрдэнэтийнхээ тогоочдыг чадавхжуулах, Улаанбаатар хотоос мастер тогоочдыг авчирч сургалт зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөсөн байсан хэдий ч ковидтой холбоотойгоор хойшлоод байна.

Ярилцлагын төгсгөлд хүмүүст хэрэгтэй хоолны зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүмүүс хоол идэхдээ хэрэгтэй зүйлээ олж иддэг байгаасай. Хоол л бол хоол гээд таарсан бүхнээ иддэггүй байгаасай. Аль болох авах ёстой амин дэм, шим тэжээлтэй эрүүл хоолыг хэрэглэж байгаасай гэж хүсч байна. Цар тахал дуусч хүн болгон хоол ундтай, тэгш сайхан цаг удахгүй ирнэ гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.Оюунтуяа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.