Механикуудын амжилт арвин байна

Categories ҮйлдвэрPosted on

     Эрдэнэт үйлдвэрийн анхны бүтцийн нэгжүүдийн нэг болох Механикийн хэлтсийн 45 жилийн ой саяхан тохиолоо. Техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах гол чиг үүрэгтэй механикууд ажлаа хэрхэн гүйцэтгэхээс үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэр хэмжээнд биелэх нь хамаардаг. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цехийн өргөтгөл, үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүд болох тээрэм, экскаваторын угсралт, суурилуулалт, тохируулгыг Механикийн хэлтэс удирдан зохион байгуулсан юм. Түүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн Механикийн алба, Засварын хэсэг, Засвар угсралтын цех, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд идэвх зүтгэл гарган ажилласнаар 410 мянган тонн хүдэр нэмэлтээр боловсруулах нөхцөл бүрдүүлэн ажиллажээ. “Энэ онд Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрт жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий хүдэр бэлтгэлтийн хагас өөрөө нунтаглах дөрөвдүгээр шугам барьж байгуулах, Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын тавдугаар секцийн хүчин чадлыг 12 сая тонн болгон өргөтгөх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Ган бөөрөнцгийн цехийн 120, 125-ын голчтой шаарны шугамын өргөтгөл гэх мэт том ажил өрнөнө. Мөн Засвар механикийн заводыг Монголын машин үйлдвэрлэлийн Үндэсний төв болгох төрийн бодлогын хүрээнд яамдтай хамтран нарийн ТЭЗҮ боловсруулах чиглэлд хамтран ажиллаж байна” гэж Ерөнхий механикч Б.Чинзориг ярилаа. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.