“Аюулгүй ажиллагч”-аар шалгарсан уурхайчид тус бүр 2 сая 500 мянган төгрөгөөр шагнууллаа

Categories ҮйлдвэрPosted on

     Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар дөрвөн удаа шалгарсан Цахилгаан цехийн мастер Б.Амгаланбаатар, Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хийн гагнуурчин Л.Батбаяр, Чанарын хяналтын хэлтсийн лаборант Э.Хишигням, Дулааны цахилгаан станцын конвейерийн машинч Ч.Цагаанбаньд, Автотээврийн цехийн гагнуурчин С.Түмэннаст, Засвар механикийн заводын хийн зүсэгч Ж.Мэндсайхан нарын шагналыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх гардууллаа. 

     “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад дөрвөн удаа бичигдсэн ажилтан холбогдох журмын дагуу гадаадын оронд туршлага судлах аялалд хамрагддаг. Харин энэ удаа тэднийг цар тахлын нөхцөл байдлын улмаас гадаадад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй тул аяллын зардал болох 2 500 000 төгрөгөөр урамшуулав. Харин “Аюулгүй ажиллагч”–ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 65 ажилтныг дурсгалын зүйлээр урамшуулж, хоёр дахь удаагаа бичигдсэн 14 ажилтныг үйлдвэрийн газрын удирдлагуудтай хийх уулзалтад урьсан бол гурав дахь удаагаа бичигдсэн 14 ажилтныг журмын дагуу дотоодын туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй тул мөн аяллын зардлыг урамшуулал болгон олгов. 

     Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлгээний комисс дүгнэсэн байна. Нэгдүгээр хэсгийг Ил уурхайн хамт олон манлайлж таван сая төгрөгийн шагналын эзэд болсон бол хоёрдугаар хэсгээс Ус хангамжийн цех түрүүлж хоёр сая, гуравдугаар хэсэгт Аж ахуй, үйлчилгээний цех шалгарч нэг сая, дөрөвдүгээр хэсгийг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хошуучилж 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.