BON JOVI хамтлагийн түүхэн замналаас

Categories Урлаг, СпортPosted on

1982 онд Америкт байгуулагдсан.
Жон Бон Жиови /02.03.1962/ -дуучин
Ричи Самбора /11.07.1959/ -гитарчин
Дэвид Брайан /07.02.1962/ -даралтат хөгжимчин
Алек Жон Сач /14.11.1951/ -басс-гитарчин
Тико Торрес /07.10.1953/ -бөмбөрчин

Хамтлагийн лидер Жон Бон Жиови дунд сургуулиа төгсөөд бага насныхаа сонирхолын дагуу Нью-Йоркийн домогт дуу бичлэгийн Power Station студид туслахаар ажиллаж байлаа. Тэрээр ажиллахын зэрэгцээ “Runaway” гэсэн демо-тейпээ бичүүлсэн нь Денвер, Детройт, Нью-Йорк хотын шөнийн клубэд хит болж чаджээ. Энэ амжилтанд урам орсон Жон өөрийн гэсэн хамтлагаа бүрдүүлж Bon Jovi гэдэг нэрийг хайрласан байна. Түүний хамтлагийн хөгжимчид өмнө нь янз бүрийн клубүүдэд түр гэрээгээр тоглодог байсан бол Жоны ачаар тэд баталгаатай ажилтай болсон гэдэг. 1983 онд Bon Jovi хамтлаг “урт сахалтнуудын” гэгддэг Z.Z.Top хамтлагтай хамтран богино хугацааны аялан тоглолтоо хийчихээд тухайн оныхоо долоон сард дуу бичлэгийн Mercury фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 1984 оны “Bon Jovi” нэртэй дебют-цомгийн дараа хийгдсэн “7800 Degrees Fahrenheit” LP нь Америкийн хит-парадын Топ-40-д багтсан байна. Энэ хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн шүтэн бишрэгчдээ шилдэг цомгоосоо гадна тасралтгүй үргэлжлэх аялан тоглолтоороо их татдаг байлаа. Тэд Европод хийсэн ээлжит аялан тоглолтоо алдарт Kiss-тэй хамтран хийсэн бөгөөд энэ нь 1986 онд гарсан “Slippery When Wet” цомгийг нь фэнүүд нь үг дуугүй хүлээн авахад нөлөөлсөн юм. Уг цомог Америкийн хит-парадыг хоёр сар тэргүүлж, бүтэн жилийн туршид хит-чартад багтан, 14 сая хувиар борлогдон “голден” болсон нь гайхамшигтай амжилт. Мөн түүнд багтсан гурван ч дуу олон улсын хит-парадад дараалан эхний гурван байрыг эзэлж байлаа. Тэгвэл зөвхөн 1987 онд Америкт хийсэн 135 удаагийн тоглолтыг нь нийтдээ хоёр сая хүн үзсэн бөгөөд зарим тоглолтдоо The Journey, Kiss, Cheap Trick, Def Leppard зэрэг бусад олон хамтлаг, дуучдыг урин оролцуулжээ. Bon Jovi тасралтгүй үргэлжлэх аялан тоглолтоо хийж байсан хэдий ч аян замын турш өөрсддөө төдийгүй Шер, Тед Нажент, Cindarella зэрэг хамтлаг, дуучдад зориулан хөгжмөө бичсээр байсан юм. 1988 онд тэд “New Jersey” цомогтоо зориулан 13 дуу хийсний 11 нь уг цомогт багтжээ. Энэ цомог нийтдээ есөн сая хувиар борлогдож “Bad Medecinе”, “Born To My Baby” дуу нь хит болов. 1989 онд Bon Jovi Cindarella, Motley Crue, Scorpions зэрэг рок мангастай Москвад болсон рок-их наадамд оролцсоныг бид сайн мэднэ. Тус их наадмын дараа тэд түр хугацаагаар тарах хооронд 1990 онд Жон Бон Жиови нь Жефф Блек, Элтон Жон, Литтл Ричард нарын туслалцаатай анх удаа кинонд зориулсан саундтрэк хийжээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1994 онд Bon Jovi хамтлаг дахин нэгдэж дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхэлсэн юм. 1995 онд Алек Жон Сач хамтлагаасаа гарахад энэ хамтлагийг тарах гэж байна гэсэн “сенсааци” бий болсон хэдий ч тэд хамтлагтаа басс-гитарчин Хью Макдональдыг авч Bon Jovi-гийн хамгийн сайн цомгуудын нэгд тооцогддог “These Days”-ээ гаргажээ. 1997 онд Жон хоёрдахь соло-цомогоо хийж мөн богино хэмжээний “Лидер” хэмээх уран сайхны кинонд тоглосон нь энэ хамтлаг ойрын хэдэн жилдээ тарах болоогүй байна гэдгийг баталж өгчээ.

Нийтэлсэн: Р.Слава

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.