BLONDIE хамтлагийн түүхэн замналаас

Categories Урлаг, СпортPosted on

1974 онд Америкт байгуулагдсан.
Дебора Харри – дуучин
Крис Стейн – гитарчин
Фрэд Смит – басс- гитарчин
Билли О’Коннор – бөмбөрчин

Шаргал үстэй, царайлаг, дуучин бүсгүйтэй Blondie нь 1970-аад оны дунд үеийн панк-рокийн бэлэг тэмдэг болсон хамтлагийн нэг. The Stilettos тарсаны дараа буурин дээрээ үлдсэн Фрэд Смит, Билли О’Коннор хоёр Дебора, Крис нарыг хөлслөн 1960-аад оны дунд үеэр панк-рокеруудын CBGB’s гэдэг рок клубэд гэрээгээр тоглодог байжээ. Хамтлаг байгуулагдсанаас хойш жилийн дараа бөмбөрчин Билли О’Коннор хуульч болохоор шийдэж их сургуулийн босго алхахад түүнийг Клем Берк, харин хамтлагаа орхисон Фрэд Смитийг Гард Валентайн орлох болж шинээр даралтат хөгжимчин Жимми Дестриг авсанаар Blondie квинтет болов. 1976 онд энэ бүрэлдэхүүнээрээ “Blondie” гэсэн дебют цомгоо хийв Продюсер Ричард Тоттерерийн зөвлөснөөр Iggy Pop хамтлагийн нэгэн тоглолтонд тэд “бие халаагч” болсон нь нэр хүндээ өсгөхөд нь их нөлөөлсөн байна. Television хамтлагтай хамтарсан Англи дахь бие даасан тоглолтын дараахан хамтлагийн бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж Гард Валентайныг Фрэнк Инфантигаар “сольж”, мөн басс-гитарчин Найжел Харрисоныг шинээр авчээ. Ингээд 1978 онд гаргасан “Plastic Letters” цомог Их Британийн хит-парадад Топ-10-д бичигдсэн хэдий ч Америкад Топ-75-аас дээш гарч чадаагүй байна. Энэ уналтандаа дүгнэлт хийсэн тэд Америк тивд анх удаа очихдоо алдарт Марк Чэпменээр продюсерлуулсан “Parallel Lines” цомгоор бэлэг барьсан бөгөөд “Heart Of Glass” сингль 1979 онд Америк болон эх орныхоо хит-чартыг асар богино хугацаанд тэргүүлжээ. Чухамдаа энэ үеэс л эхлэн дуучин бүсгүй Дебора Харри олны харцыг татаж эхэлснээр анхны “Union City” кинонд амжилттай тоглосон байна. Тэр ондоо багтан хийсэн “Eat To The Beat” цомог мөн л өмнөх шигээ хит-парадуудыг тэргүүлж, “Call Me” сингль нь 1980 оны ¹.1 хит болоод зогсохгүй “American Gigalo” киноны саундтрекийн нэг болов. 1980 оны сүүлээр Дебора “Роуди” кинонд Мит Лоуфын хамт хоёрдахь дүрээ бүтээжээ. 1981 оны эхээр Blondie-гийн “Autoamerican” цомогт багтсан хоёр ч сингль сая хувиар борлогдсон байна. Энэ их ажлын зэрэгцээ хамтлагийн гишүүдийн дунд харьцааны үл ойлголцох байдал бий болсноор Фрэнк Инфанти найзуудаа шүүхэд хүртэл өгч “шогтжээ”. Гэхдээ удалгүй бүх маргаан шийдэгдсэнээр Харри өөрийн бие даасан “Koo Koo” хэмээх соло-цомогоо гаргав. Харамсалтай нь 1982 оны намар тэд “The Hunter” хэмээх сүүлчийн цомгоо хийгээд 10-н сард таржээ. Тарсанаасаа хойш урьдын сайн найзын харьцаатай Дебора, Крис хоёр Blondie-гийн тухай ном бичиж байх үедээ шаргал үст бүсгүй маань Жеймс Вудсын тоглосон “Видео-драм” кинонд гуравдах дүрээ бүтээгээд авав. Энэ хооронд Крис бас зүгээр суусангүй хувийн дуу бичлэгийн Animal Records фирмээ байгуулаад байлаа. Бүх зүйл ОК! байсан ч хүнд өвчнөөр олон жил шаналсан Дебора 1980-аад оны сүүлээр тайзнаа жүжигчин, дуучин гэсэн хоёр нэр алдартай буцан иржээ. Тэрээр уран бүтээлийн ажилдаа эргэн орж 1986 онд “Rock Bird”, 1989 онд “Def, Dumb And Blondie” гэсэн хоёр ч цомгоо хийн рок хөгжимчдийн санаачилсан сайн санааны хөдөлгөөнд идэвхитэй оролцох болов. 1990-ээд он гэхэд өөрийн бие даасан цомгоос гадна Blondie-гийн үе үеийн шилдэг дуунаас бүрдсэн цуврал түүврийг хийж эхэлжээ.

Нийтэлсэн: Р.Слава

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.