Ээлжит шуурхай “Их зогсолт”-ын бэлтгэлд анхаарлаа хандууллаа

Categories ҮйлдвэрPosted on

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уламжлал ёсоор ХАБЭА, Үйлдвэрлэлийн хэлтэс болон бусад цех хэлтэс, газрын дарга нар өнгөрсөн долоо хоногийн ажлын гүйцэтгэл, шинэ долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөлтийн талаар товч мэдээлэл хийв. Энэ долоо хоногийн сүүлээр буюу 7 дугаар сарын 31-ний 20 цагаас 8 дугаар сарын 2-ны 20 цаг хүртэл үргэлжлэх “Их зогсолт”-ын бэлтгэл ажилд шуурхай зөвлөгөөн чиглэлээ.Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсэг энэ долоо хоногт сүүлийн удаа хуралдаж, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэнэ. Тасралтгүй үйл ажиллагаатай  үйлдвэрийн хувьд нэн чухал “Их зогсолт”-ыг бэлтгэл сайтай, чанартай хийж гүйцэтгэхэд онцгойлон анхаарч байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг шуурхайд мэдээллээ. Мөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг “Их зогсолт”-ын засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгслийн хангалт үндсэндээ цэгцэрч, нийлүүлэлт саадгүй хийгдэж буйг онцлов. Өнөөдрийн байдлаар, бэлтгэл ажлын хүрээнд ажиллах хүч, хийх ажлын хэмжээ болон туслах машин техникүүд 100 хувь бэлэн болсон байна. “Их зогсолт”-д ажиллах Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар монтажийн цехүүд бэлтгэл хангаснаа мөн энэ үеэр танилцууллаа.  Дараа жилийн “их зогсолт” хүртэл буюу бүтэн жилийн хугацаанд  үйлдвэрлэлд ашигладаг нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай баталгаатай үйл ажиллагааг хангадаг учраас энэ ажилд хариуцлагатай, нягт нямбай хандаж ажиллахыг Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  цех хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Шуурхай зөвлөгөөнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлэл хийж, ирэх 8 дугаар сарын 3-6-ны хооронд 2020 оны хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөө, үр дүнгийн хурлыг онлайнаар зохион байгуулах талаар онцоллоо. Үр дүнгийн хуралд цех нэгж бүр өөрсдийн үйл ажиллагаа, үр ашгийн талаар тодорхой цэгцтэй бэлдэж танилцуулахыг анхааруулав.   

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.