Гангийн гэгээн дурсгалд: Тэр ганцаар ирсэн

Categories Урлаг, СпортPosted on

Дурсамж – 2014.02.14

Өглөөг Гангийн дуутай угтлаа. Гангийн шинэ дуунд татагдан, догдлон сонслоо. Ямар ч дууг нь сонсохдоо яагаад ийм авьяастай, яагаад ийм мэдрэмжтэй юм бэ гэж хамгийн тааламжтайгаар жаргаж сонсдог. Гангийн “Зөрлөг” гоё. Гангийн “Халамцуу салхи” гоё. “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын “Нэг өдөр”, “Амьдрал чамд”, “Зочин”-г хэзээ ч, хэд ч сонссон уйдахгүй юм. “Амьдрал чамд” нь  “Madness-2 Saikhnaa” цомогт багтсан байгаа.

Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ
Атгаж болох бүхнийг чи өгсөн
Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг
Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ

Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр
Сая сая цонхны цаана
Мянга мянган амьдрал
Сайн бүхний дундаас чи бид хоёрын
Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү

Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр
Зүрх сэтгэлийг минь хөглөнө
Амьдралд би одоо ч эрхэлсээр
Энэ гудамжаар гараа халааслан алхана
Элдвийг эргэцүүлж бодно
Цонхыг чинь ширтэн зогсоно…

Үг сонголт, нийтлэг дууны шүлгээс шал өөр… Энэ мөрүүдийг үү… Гангийн бичдэг дууны шүлгүүд ингэж ялгардаг. Тэр л ингэж онцгой бичнэ. Өнөөдөр сонссон түүний шинэ дуу “Андууд”.

Би ганцаар ирсэн
Нуруундаа аранзнаас өөр хөрөнгөгүй
Амьд л явбал
Алтан аяганаас ус ууна гэж үг бий
Би энд дасчээ
Энд би нөхөдтэй болсон…

 


Энэ дуу Ганг, түүний гэргий Daisy хоёрын “Ганг рекордс”-ын бүтээл. Дууны үг, аяыг Ганг бичиж, өөрөө дуулжээ.

Madness” хамтлагийн анхны соло гитарчин Ганг. Ая зохиогч Ганг. “Ганг рекордс”-ын Гангдаа баяр хүргэе. Хэнд ч давтагдагдаагүй чиний ертөнцөөс өөр олон гайхалтай бүтээлүүд ундарч байг. Дараагийн удаа Ганг, Daisy хоёрын хамт дуулахыг сонсмоор байна, та хоёрт хайртай хүмүүс нь…

Өнөөдөр. 2019.09.21

Өглөөг харамсалтай мэдээгээр угтлаа. Ганг маань энэ хорвоог орхин явжээ. Өвчний улмаас таалал төгссөн хатуу мэдээ биднийг цочролд орууллаа. Хайртай гэргий, сайхан охидуудаа орхиод ийм эрт буцсанд нь итгэж чадахгүй байна.

Үзэгчдийн суудалд 1000 хүн байсан ч эсвэл аравхан хүн байсан ч дуугаа зөвхөн амьдаар, зөвхөн чин сэтгэлээсээ дуулдаг дуучин байсныг нь дурсан, эмгэнэлийн, хайрын, харууслын үгсийг түүнд зориулан бичиж байна. Орос, англи, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, хил хязгааргүй сэтгэдэг байсныг нь дурсан санаж байна. Ганг бусдад таалагдах гэж зовдоггүй, өөрийнхөөрөө, зөвхөн өөрийнхөө ертөнцөд дуулж, бичиж, хөгжимддөг дэндүү ховор авьяас байсан. Тэр яг Виктор Цой шиг. Тэр Цойн дууг гайхалтай гоё дуулдаг байсан. Дурсгалд нь зориулж олон тоглолт хийсэн. 

Тэр өөрөө тэр чигээрээ эрх чөлөө байсан. Энэ амьдралын хамгийн сонирхолтой “Зочин” байсан… Ганц хувь, өвөрмөц, бусдаас нэг л гоц гойд хөг байсан.


Буурал энэ орчлонгоос буцах цаг минь болохоор
Бурхнаас өгсөн эцсийн ганц амьсгалаа
Буцааж гаргаад чамдаа өгчихөөд
Будант алсын замд сэтгэл амар явах юмсан

Нарт энэ ертөнцөөс халих цаг минь болоход
Намрын шар навч, эцсийн ганц амьсгалаа
Нандин зүрх минь чамдаа би бэлэглэчихээд
Найман зовхист сэтгэл амар одохсон доо…  

 

(Гангийн ая. Дуучин Daisy, Хаянаа. “Чамдаа” дуунаас)
 

Өөрийнхөө дуу шиг үзэсгэлэнтэй намраар, өөрийг нь авахаар ирнэ гэж мэдэж байсан дулаахан намраар найз минь эцсийн амьсгалаа татлаа… Уйтай байна. 

Өглөөг ийм хэцүү мэдээтэй эхэлсэн ч, эвлэрэхийг хүсэхгүй байгаа ч өнөөдөр зөвхөн түүний дууг л сонсмоор байна. Гангийг л сонсмоор байна. Тийм авьяастай хүнийг ийм гунигтай явуулмааргүй байна.


“Миний муу аав” киноны дуу, “Халамцуу салхи”. Үг, аяыг Ганг зохиож, өөрөө дуулсан
 

“Маднесс” хамтлаг, “Амьдрал чамд”. Үг, аяыг Ганг

“Маднесс” хамтлаг, “Нэг өдөр”. Үг, аяыг Ганг

“Зөрлөг” киноны дуу, “Дурлал юу хүснэ вэ”. Үг, аяыг Ганг

“Маднесс”, “Ус дээшээ урсдаг” киноны дуу. Үг, ая Ганг

“Нисванис”, “Нэргүй дуу”. Үг, ая Ганг

“Киви” хамтлаг, “Хайр нь арын нь даана”. Үг, аяыг Ганг

Дуучин Онон, “Тайвшрал”. Үг, ая Ганг

“Лемонс” хамтлаг, “Хайрын рекорд” киноны дуу. Үг, аяыг Ганг

Daisy, “Гэртээ хүрэх зам”. Үг, аяыг Ганг

“Маднесс” хамтлаг, October. Үг, аяыг Ганг

“Номин талст” хамтлаг, “Чинийх”. Үг, аяыг Ганг

Д.Жаргалсайхан, “Дандаа”. Үг, ая Ганг

Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья аа, чиний ээлж ирлээ гэлээ

Намарт би учраа хэллээ
Цаг минь болсныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй… 

Үгийг Ганг  (Маднесс, “Зочин” )
 

Ум сайн амгалан болтугай. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.