“Харанга” хамтлагийн 30 жилийн ОЙН ТОГЛОЛТ товлогдлоо

Categories Урлаг, СпортPosted on

Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

“Харанга”-ын үнэнч фэнүүдэд дуулгах бас нэг шинэ мэдээтэй. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна.

Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсныг онцлоход таатай байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.


Шүлэгч

Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй

Яруу найрагч Л.Өлзийтөгс 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.